Анхдагчдын өлгий нутагт алдартнууд гараагаа эхэллээ

0
308
Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын  аварга шалгаруулах 57 дахь удаагийн тэмцээн Булган аймгийн Булган хотод 2020 оны X/31-XI-1-ний  өдрүүдэд болж өнгөрлөө. Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн аварга бөхчүүд хүч чадал авхаалж самбаагаа анхдагчдын өлгийн нутагт сорив.
2012 оноос нааш гурван насны ангиллаар зохион байгуулж ирсэн түүхтэй. Өнөө жил ч мөн л энэ уламжлалаар зохион байгуулав.
18 нас
1. Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Ганболдын Баянмөнх. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын тэмцээнд гурав дахиа, унаагүй хоёр дахиа түрүүллээ. Өрсөлдөгч бүрээ хол илүүрхсэн барилдааныг Тэс нутгийн хүү үзүүлж байлаа. Аймгийн заан Төрмөнхийн Хайдавын гарын шавь. Энэ тэмцээнд аймгийн заан Б.Бадарч дасгалжуулан оролцов.
2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат сумын харцага, улсын шонхор Цогтбаярын Мөнхбаяр. 2018 оны улсын баяр наадмын өсвөр бөхийн түрүү. Өнгөрсөн жилийн улсын аваргын тавдугаар байрын шагналтай. Мөн л онцгой сайхан барилдаан харуулж байсан бөгөөд хоёр унаатай нутгийнхаа довонд мөнгө зүүв. Улсын заан Дашзэвэгийн Баасандоржийн гарын шавь.
3. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Сүхбаатар дүүргийн бөх, сумын заан Баярбатын Шатар. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын 16 насны мөнгөн медальт, 17 насандаа наймд шалгарсан. 2019 онд Хотонд сумандаа түрүүлсэн. Аварга ахлах сургууль. Чимэдцэрэнгийн Нямдоржийн гарын шавь.
4. Ховд аймгийн Манхан сумын харьяат Хан-Уул дүүргийн бөх Гончигсүрэнгийн Батзориг. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын 16 насанд дөрөвт, 17 насандаа мөнгөн медаль хүртсэн. 2019 онд Буянт, 2020 онд Манхандаа түрүүлсэн. Аварга ахлах сургууль. Чимэдцэрэнгийн Нямдоржийн гарын шавь.
5. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Батбаатарын Орших. Өнөө жилийн Архангай аймгийн аварга бөх. 16 насандаа хүрэл, 17 насандаа дөрөвт шалгарсан. Монгол бөхийн өргөөнд нийтийн монгол бөхийн өргөөнд түрүүлж байсан. Аймгийн арслан Лхамсүрэнгийн Жамбалын шавь.
6. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Шижирийн Энхбаясгалан. 2020 оны Мандал сумын шигшээ барилдаанд түрүүлсэн. 16 насандаа зургаад, 17 насандаа хүрэл медаль хүртсэн. Орхоны МУИС-ийн оюутан. Аймгийн заан Эльбусын Бат-Эрдэнийн шавь.
17 нас
1. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх сумын заан Саранцэцэгийн Занданхүү. 16 насандаа улсын аваргад долоод орсон. 2020 онд Айраг сумын баяр наадамд түрүүлсэн. Аварга ахлах сургууль. Чимэдцэрэнгийн Нямдоржийн гарын шавь.
2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баянзүрх дүүргийн спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар. 16 насандаа 11-р байрт шалгарсан. Монгол бөхийн өргөөнд өсвөрт үзүүр булаасан. Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй харцагын шавь.
3. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат сумын харцага Нямдаваагийн Батбөх. 16 насандаа улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй харцагын шавь.
4. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Рэнцэндоржийн Эрдэнэсайхан. Аварга ахлах сургууль. Чимэдцэрэнгийн Нямдоржийн гарын шавь.
5. Увс аймгийн Түргэн сумын харьяат Тамсүрэнгийн Төрмөнх. Сумын заан Т.Төртүвшинбаярын төрсөн дүү. Увс аймгийн дасгалжуулагч Шуурайн Бат-Очирын гарын шавь.
6. Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат сумын заан Намсрайжавын Амаржаргал. Өнгөрсөн жилийн улсын аваргад 16 насандаа дөрөвт орсон. Монгол бөхийн өргөөний өсвөрийн барилдаанд түрүүлсэн. Аварга ахлах сургууль. Чимэдцэрэнгийн Нямдоржийн гарын шавь.
16 нас
1. Баянхонгор Богд сумын харьяат Оюунбаатарын Тамир. Улсын аваргын тэмцээнд нэг унаатай түрүүллээ. Мөнгөн медалийн эзэн Баттөмөрийн Бэх-Очирт унасан.
2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Баттөмөрийн Бэх-Очир. Гурван унаатай мөнгөн медаль хүртлээ.
3. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын бөх Аманжолын Арман. Өнөө жилийн Дорнод аймгийн аварга бөх. Дөрвөн унаатай хүрэл зүүлээ.
4. Баян-Өлгий аймгийн харьяат өнөө жилийн Баян-Өлгий аймгийн аварга бөх, өнгөрсөн жилийн С.Цэрэн аваргын нэрэмжит барилдааны аварга “Тастүлек” дэвжээний бөх Б.Имангали. Аймгийн харцага Бахытын Бэкжаны шавь.
5. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Аварзэдийн Машбат. 4-6 байрын бөхчүүд гурван биенээ тойрч барилдан дахиж барилдан Б.Имангалид хутгуулж унан, С.Жавхланг хонгодож даван тавд орсон. Аймгийн арслан Батмөнхийн Сүхбаатарын гарын шавь.
6. Орхон аймгийн биеийн тамир спортын газрын бөх С.Жавхлан. Дархан аваргын Бадамдоригийн Түвдэндоржийн зээнцэр. Өнөө жилийн Орхон аймгийн аварга, Булган аймгийн дэд аварга бөх. Мөнгөн медалийн эзэн Б.Бэх-Очирыг давсан гурван бөхийн нэг.
Багийн дүнгээр дунд насны алт, дээд насны дөрөв, 16 насанд 13-т орсон Чимэдцэрэнгийн Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг түрүүлэв. Дээд, бага насандаа мөнгөн медаль авч, дунд насанд 15-д орсон С.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Булган аймгийн баг хоёрт, 18 насандаа алт, дунд насандаа 5-д, бага насандаа 16-д орсон Б.Бадарч дасгалжуулагчтай Увс аймгийн баг хүрэл медаль хүртлээ.
Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Булганы Ц.Мөнхбаяр, Б.Бэх-Очир, Орхоны Пүрэвдэлгэр нарт гардуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу