Сумын цолтой болон залуу 512 бөхийн барилдаанд Аварга сургуулийнхан амжилттай оролцлоо.

0
63
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн 91 дэх удаагийн барилдаан 2020 оны 10-р сарын 4-ны өдөр МБӨ-нд боллоо. Барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Булган сумын харьяат, Аварга дээд сургуулийн төгсөгч, сумын заан Ганбаатарын Ганхуяг түрүүлж, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын заан Батхүүгийн Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Аварга дээд сургуулийн төгсөгч, сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан, Аварга дээд сургуулийн 4-р дамжааны оюутан Сүхбаатарын Сүхбат нар шалгарлаа. 4а ангийн оюутан Б.Баянсүх 6 давж, мөн Аварга сургуулийн 4а ангийн оюутан Сумъяабазар 5 давж шөвгөрлөө.
Барилдааны үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавын санаачлагаар уран барилдаант болон уран гараа дэвээт бөхийг шалгаруулсан бөгөөд уран барилдаант бөхийн шагналыг Аварга дээд сургуулийн төгсөгч, түрүү бөх Г.Ганхуягт гардуулсан бол уран гараа дэвээт бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, сумын заан  Аварга дээд сургуулийн 4а ангийн оюутан Б.Баянсүхэд олгов. Баяр хүргэж, их амжилтыг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу