1. Нийтлэг үндэслэл
  2. Сургуулийн бүтэц зохион байгуулалт
  3. Сургуулийн удирдлага
  4. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа
  1. Сургуулийн багш, бусад ажилтан
  2. Суралцагч
  3. Сургуулийн эдийн засаг
  4. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох

Нийтлэг үндэслэл

  1. Аварга дээд сургуулийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
  2. Аварга дээд сургууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг үндэслэн өөрийн сургуулийн дүрмийг боловсруулан баталж мөрдөнө.
  3. Аварга дээд сургуулийн үндсэн зорилт нь иргэнд дээд боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа эрхлэн шинэ мэдлэг бүтээх, хүн амд мэдлэг түгээх, боловсрол, соёлын төвшинг нь дээшлүүлэхэд оршино.
    • Эрхэм зорилго: “Эрүүл биенд саруул ухаан орших сургаалийг дээдэлсэн, дэлхийн чиг хандлага, эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх мэргэжилтэй, бие даан амьдрах чадвартай хүн хүчин бэлтгэхэд оршино.
    • Зорилт: Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээ хэмээх гурван үндсэн үйлийг уялдуулан ажиллах.
      • Эрүүл мэнд, биеийн тамир, спорт гэсэн гурван тулгууртай байх.
      • Тааламжтай орчинд багш, шавийг хослуулан хөгжүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
    • Стратеги зорилтууд:
      • Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох,
      • Эрдэм судлалын ажлыг эрүүл мэнд, биеийн тамир спортын тулгамдсан асуудлуудтай уялдуулан хөгжүүлэх.
      • Хөдөлгөөнөөр болон сэтгэл заслаар эрүүл мэндийг хамгаалах, хөгжүүлэх, бататгах үйлчилгээ үзүүлэх
      • Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээний тааламжтай орчин, материалаг баазыг бэхжүүлэх
      • Багш нарын тоо, чанар, мэргэжлийн төвшинг нэмэгдүүлэн, эрдэмжүүлэх
      • Элсэгчид, суралцагчид, төгсөгчдийн тоо, чанарыг нэмэгдүүлж, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэнг шаталсан сургалтаар бэлтгэх
      • Зарим спортын төрлөөр улс, тив, дэлхийд алдартай тамирчин төрүүлэх
  4. Аварга дээд сургууль нь дээд сургуулийн гэсэн ангилалд хамаарна.
  5. Аварга дээд сургууль нь ашгийн төлөө бус, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага мөн.
  6. Аварга дээд сургуулийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн Бат Эрдэнэ
  7. Аварга дээд сургууль нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байна.
  8. Аварга дээд сургуулийн хаяг:
    Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 3-р хороо, Шаравын гудамж, Аварга дээд сургуулийн байр
    Факс: +976-11-343392
    Утас: +976-11-342053
    AVARGA INSTITUTE
    3rd khoroo, Khan-Uul district, Ulaanbaatar, Mongolia
    Fax: +976-11-343392
    Phone: +976-11-342053

    Email: info@avarga.edu.mn
    Web: www.avarga.edu.mn

Сургуулийн бүтэц зохион байгуулалт

  1. Аварга дээд сургууль нь Удирдах зөвлөлөөр батлагдсан үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцлийг бүрэн дүүрэн хангасан бүтэцтэй байна. Үүнд:
    • Удирдах зөвлөл
    • Ерөнхий захирал
    • Эрдмийн зөвлөл
    • Захиргааны зөвлөл
    • Тэргүүн дэд захирал
    • Аварга бүрэн дунд сургууль
    • Сургалтын алба
    • Эрдэм шинжилгээний лаборатори
    • Номын сан
    • Аж ахуйн алба
    • Бөхийн сургалт, судлалын тэнхим
    • Спорт сургалт, судлалын тэнхим
    • Ерөнхий онолын тэнхим
    • Оюутны зөвлөл
    • Аварга клуб
    • Төгсөгчдийн холбоо
  2. Аварга дээд сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь тэнхим, лаборатори, кабинет байна. Тэнхим нь мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн, сургалтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах нэгж байна. Лаборатори, кабинет нь сургалт, судалгаа болон туршилт-зохион бүтээх ажил эрхэлдэг нэгж мөн.
    • Аварга дээд сургуулийн салбар, харъяа байгууллага байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах асуудлыг үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ. Ингэхдээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох журмын дагуу зөвшөөрөл авна.
    • Аварга дээд сургууль түүний салбар, харъяа байгууллагыг өөрчлөх, татан буулгахад суралцагч, ажилтнуудын эрх ашгийг хохироолгүйгээр зохицуулах үүргийг үүсгэн байгуулагч хариуцна.
  3. Аварга дээд сургууль салбар болон бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие даан ажиллаж, ажлынхаа чанар, үр дүнг сургуулийн удирдлагын өмнө хариуцна.
  4. Аварга дээд сургуулийн харъяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.
  5. Аварга дээд сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг сургуулийн дүрмээр тогтооно

Сургуулийн удирдлага

  1. Аварга дээд сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
  2. Аварга дээд сургуулийн Удирдах зөвлөлийг Монгол улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь тухайн сургуулийн багш нарын хурлаас сонгогдсон, үндсэн багшийн орон тоон дээр ажилладаг байна. Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.
  3. Удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг гүйцэтгэнэ:
    • Аварга дээд сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах;
    • Сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах;
    • Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох;
    • Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
    • Хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох;
    • Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох;
    • Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх.
  4. Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
  5. Аварга дээд сургууль нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн төвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байна.
  6. Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ.
  7. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Эрдмийн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байна
  8. Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
  9. Аварга дээд сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал эсвэл захирлын бүрэн итгэмжлэлээр тэргүүн дэд захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байх бөгөөд Захирал нь Удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ.
  10. Захирал сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, сургуулийн дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг дэд захирал, өөр албан тушаалтанд түр орлуулан гүйцэтгүүлж болно. Ийнхүү түр орлосон этгээдийн шийдвэрийн хариуцлагыг захирал хүлээнэ.
  11. Аварга дээд сургуулийн захирал /тэргүүн дэд захирал/ нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна:
    • Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх
    • Багш, ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдүүлэх
    • Бүтцийн нэгж, бүрэлдэхүүн, харьяа сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах
    • Суралцагчдын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх
    • Суралцагчиддаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд зуучлах, төгсөгчдөө ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлэх
    • Багш, эрдэм шинжилгээний ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, тэднийг хөгжүүлэх
    • Сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах
    • Сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх
    • Сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны түншлэлийг өргөжүүлэх
    • Иргэдийн боловсрол, соёлын төвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх
    • Сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах
    • Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
  12. Аварга дээд сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөлгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захиргааны зөвлөл захирлын дэргэд ажиллаж болно. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн захирал батална.
  13. Аварга дээд сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхардуулалгүй дугаарлана.
  14. Аварга дээд сургуулийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааг сургуулийн дүрэмд нийцүүлэн захирлын тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна.
  15. Тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журмыг сургуулийн дүрмээр тогтооно.
  16. Аварга дээд сургууль нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах ажил үүргийг албан тушаалтан, нэгжүүдэд зохистой хуваарилсан зохион байгуулалтын оновчтой бүтэцтэй байна.
  17. Аварга дээд сургууль нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчид, төгсгөгчдийн сурлага, олгосон боловсролын баримт бичгийн талаархи мэдээллийг алдагдахгүй, засвар өөрчлөлт хийхгүй, бодитой байлгах нөхцлийг бүрдүүнэ.
  18. Аварга дээд сургууль татан буугдсан тохиолдолд архивыг зохих ёсоор бүрдүүлж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө.

Сургуулийн сургалтын үйл ажиллагаа

  1. Аварга дээд сургуулийн дээд боловсрол эзэмшүүлэх сургалт нь өдөр гэсэн хэлбэртэй байна. Аварга дээд сургууль нь үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчдэд зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай сургалт зохион байгуулна.
  2. Аварга дээд сургууль нь дээд боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжил, сургалтын чиглэл, төвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална.
  3. Аварга дээд сургууль нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.
  4. Аварга дээд сургуулийн өдрийн сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.
  5. Аварга дээд сургуулийн суралцагчид суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээний болон ерөнхий боловсролын сургуулиудад тусгайлан томилсон багшийн удирдлага дор гүйцэтгэх танилцах, багшлах, дасгалжуулах, биеийн тамирын эмчилгээний арга зүйн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Сургуулийн дадлагын хөтөлбөр, дүрмийг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.
  6. Аварга дээд сургуулийн суралцагчийн мэдлэг чадварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн боловсруулж, сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэн баталсан сургуулийн хэмжээнд мөрдөх журмын дагуу дүгнэнэ.
  7. Аварга дээд сургуульд суралцагч элсүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтлана.
  8. Аварга дээд сургууль нь төгсгөгчиддөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.
  9. Аварга дээд сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

Сургуулийн багш, бусад ажилтан

  1. Аварга дээд сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна. Сургуулийн багшийн албан тушаалын нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
  2. Аварга дээд сургуулийн багш тухайн албан тушаал (ажлын байрын тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хедөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг гэрээнд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх хариуцлага, тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой тусгасан байна.
  3. Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш сонгож авна.
  4. Аварга дээд сургуулийн багш дараах эрх эдэлнэ:
    • Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернетэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)-оор хангуулах
    • Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
    • Суралцагчид зөвлөлгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх
    • Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах
    • Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах
    • Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх
    • Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх
    • Бүтээлийн чөлөө авах
    • Хууль тогтоомжид заасан бусад эрх.
  5. Аварга дээд сургуулийн багш дараах үүрэгтэй:
    • Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх
    • Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих
    • Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах
    • Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх
    • Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах
    • Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
    • Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
    • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах
    • Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
  6. Аварга дээд сургуулийн багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.
  7. Аварга дээд сургууль сургууль нь багшийн ажлыг дүгнэх журамтай байна. Энэхүү журамд багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион байгуулах журмыг тодорхой тусгасан байна.
  8. Аварга дээд сургуулийн захиргаа аж ахуй, сургалт, судалгааны туслах ажилтан болон бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зохицуулагдана.

Суралцагч

  1. Аварга дээд сургуулийн суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч, захирлын тушаалаар сургуульд элссэн байна.
  2. Аварга дээд сургуулийн суралцагч дараах эрхийг эдэлнэ:
    • Зохих шаардлагыг хангасан сургалт явуулах хичээлийн байр, дотуур байр, ширээ, сандал, үзүүлэн таниулах, номын сан, лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт, эрдэм шинжилгээний болон бусад хэрэгсэл, номын сан, интернетийн сүлжээ, сургуулийн эрүүл мэндийн төв зэрэг суралцахад шаардлагатай нөхцөл бололцоогоор хангуулах, тэдгээрийг зохих журмын дагуу ашиглах
    • Сургуулийн санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн төлөвлөгөө гаргах, зөвлөгөө чиглэл авах, суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх
    • Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих
    • Хууль, тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх
    • Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих
    • Зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх
    • Эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох
    • Бүтээлээ хэвлүүлэхээр санал дэвшүүлж, шийдвэрлүүлэх
    • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох
    • Магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах
    • Хууль тогтоомжид заасан бусад эрх
  3. Аварга дээд сургуулийн суралцагч дараах үүрэгтэй:
    • Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших
    • Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх
    • Бие дааж суралцах арга барилыг эзэмших
    • Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх
    • Сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэн сахих
    • Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх
    • Хууль тогтоомжид заасан бусад үүрэг
  4. Аварга дээд сургуулийн суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох, түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.
  5. Аварга дээд сургуулийн суралцагч нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурч болно. Шилжүүлэн авагч сургууль шилжин ирж буй суралцагчийн сургалттай холбогдолтой баримт бичгийн бодит байдлыг хянах үүрэг хүлээнэ. Суралцагчийн суралцаж байсан сургууль нь түүнд зохих тодорхойлолт, лавлагаа, бичиг баримтыг шуурхай гаргаж өгнө.
  6. Аварга дээд сургуулийн суралцагч сургуулийнхаа дүрэм, журмын хүрээнд өөр сургуулиас багц цаг авч болно.
  7. Аварга дээд сургуульд суралцах эрхийн бичиг аваад /хүчингүй болгож/ сургуулиас гарч байгаа элсэгчдэд сургалтын төлбөрийн 10% ийн нөхөн төлбөр ноогдуулна.

Сургуулийн эдийн засаг

  1. Аварга дээд сургуулийн сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх , багш, ажилтан суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоо Боловсролын тухай хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг сургуулийн захирал эдэлнэ.
  2. Аварга дээд сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн хөрөнгө болон тухайн сургуулийн үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.
  3. Аварга дээд сургуульд хандивласан хөрөнгийг сургуулийн санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Сургуульд хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.
  4. Аварга дээд сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар шалгалт хийлгэж дүнг нийтэд ил тод мэдээлж байна.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох

  1. Аварга дээд сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон захирлын зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.
  2. Аварга дээд сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.