Багш нарын VII их хуралд оролцлоо


  • Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдсон Монголын багш нарын VII их хурал 2019 оны 4-р сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордноо хуралдлаа. Монголын 47.8 мянган багшийн төлөөлөл болсон 800 багш ийнхүү 23 жилийн дараа салбарынхаа асуудлыг нухацтай, нээлттэй хэлэлцлээ.
  • Их дээд сургуулиудын төлөөлөл-68
  • МСҮТ-ийн төлөөлөл -40
  • Бусад төлөөлөл нь ЕБС, СӨБ, албан бус боловсролын байгууллагын багш төлөөлөгчид байлаа.
  • Уг хуралдаанд 24-91 насны төлөөлөгчид оролцсон ба Аварга дээд сургуулиас Компьютерийн багш Б.Түмэннасан, Аварга ахлах сургуулиас захирал А.Элбэг нар сургууль, хамт олноо төлөөлөн оролцож санал хүсэлт, дуу хоолойгоо хүргэлээ.

Монголын багш нарын их хурал

I их хурал 1935 онд

II их хурал 1937 онд

III их хурал 1961 онд

IV их хурал 1975 онд

V их хурал 1989 онд

VI их хурал 1996 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 23 жилийн дараа  “Сайн багш Сайхан ирээдүй” уриан дор VII их хурлыг зохион байгууллаа.

 

Монголын багш нарын их хурал нь

  1. Хууль, эрхзүйн шинэчлэл
  2. Сургалтын бодлого
  3. Багшийн хөгжил, ёс зүй
  4. Багшийн үнэлэмж гэсэн 4 чиглэлээр хуралдсан бөгөөд дараах уриалга, тогтоомжуудыг баталлаа.

 

УРИАЛГА

  • Багш бид – Эрдмийг түгээн дэлгэрүүлэгчийн хувьд суралцагчдадаа үлгэр дуурайл болохуйц мэдлэг боловсрол, ёс зүйн хэм хэмжээний өндөр шаардлагыг өөртөө тавьж, “Багш” хэмээх хүндтэй нэр алдрыг ямагт эрхэмлэн дээдэлж ажиллах,
  • Багш бид – Хүмүүнийг сургаж, эрдэм оюуныг хөгжүүлэгчийн хувьд мэдлэг ухаан, заах ур чадвар, харилцаа хандлагадаа цаг ямагт анхаарч, өөрийгөө хөгжүүлж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж, зөв Монгол хүнийг сургаж төлөвшүүлэх,
  • Багш бид – Төрт ёсоо дээдэлсэн холч ухаантай Монгол хүний хувьд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, тулгамдсан аливаа саад бэрхшээлийг тал бүрээс нь сайтар тунгааж, эвийг эрхэмлэж, сайнаар үлгэрлэн олныг гэгээрүүлэх,
  • Багш бид –Сурган хүмүүжүүлэх ажилдаа судалгаа, шинжилгээ хийж, түүнийхээ үр дүнг практикт нэвтрүүлэхэд бүтээлч санаачилга, үр өгөөжтэй хандах, арга туршлагаа бусадтай хуваалцах,
  • Багш бид – Суралцагчдын сонирхол, эрэлт хэрэгцээг илүү тооцож, уян хатан олон хувилбартай, амьдрал, үйлдвэрлэлтэй нягт холбоотой шинэ мэдлэг мэдээлэл олж авах, сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлж бие даан суралцах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэх.
  • Багш бид – Боловсролын эдийн засаг, бодлогын судалгааны чиглэлээр мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн харилцаанд нийцсэн сэтгэлгээ, арга барилаа өөрчилж хөгжих
  • Багш бид – Ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэгчийн хувьд мэргэжил, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн хөгжлийн шинэ чиг хандлагыг соргог мэдэрч, цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрөө бие даан хөгжихийг эрхэм зорилгоо болгохыг УРИАЛЖ байна.

 

Саналыг НЭГ САНАА, НЭГ САНАЛ гэсэн цаасаар болон www.Slido.comцахимаар авсан бөгөөд 4088 санал дэвшүүлсэн байна.

Монгол улсын Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж  тогтоол №145-ыг баталсан байна. Үүнд:

-Багш нарын ээлжит их хурлыг 5 жил тутамд зохион байгуулж байх,
-Ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн хичээл практикийн зардлыг төрөөс дааж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх,
-Багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэгт жилд нэг удаа хамруулах,
-Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын багшийн хөгжлийн төвийг байгуулах,
-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлж, сургалтын зарим үйл ажиллагааг нь цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,

-Багшийн ажлын онцлогоос хамаарч үр дүнд суурилсан урамшуулал олгох, норм нормативаас давсан ачааллыг тооцоолж нэмэгдэл цалин олгох асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх зэрэг асуудлыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ХНХ-ийн сайд Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасан байна.

  • Засгийн газрын шийдвэрийг танилцуулсны дараа их хурлын төлөөлөгчид “Мянга мянган багш нарын саналыг нэгтгэж, шийдэл гарц хайж, шинэчлэлийн салхи сэвэлзсэн үр дүнтэй хурал боллоо гэдгийг онцолж, Монгол Улсын Засгийн газар хөгжлийн тэргүүлэх салбараа боловсрол, түүний дотор багш нараа гэж үзэж байгааг нотолсон шийдвэрүүд гарчээ, бид ч их хурлаас гарсан уриалгаа хэрэгжүүлж, манлайлж ажиллая” гэдгээ илэрхийлж байлаа.

 

Хуралтай холбоотой мэдээлэл бусад зүйлсийг www.bagsh.edu.mn сайтаар орж үзэх боломжтой.