Сургуулийн танилцуулга


“Аварга” дээд сургууль нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгчдийн үүсгэл санаачлагаар, БСШУ-ны сайдын 182 тоот тушаалаар 1998 оны 8-р сарын 11-нд байгуулагдаж, жилийн турш сургалт явуулах бэлтгэлээ ханган, 1999-2000 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч 15 багш, 140 оюутантайгаар хичээл сургалтаа явуулж түүхийн хуудсаа нээсэн билээ.

Эрхэм зорилго: “Эрүүл биенд саруул ухаан орших” сургаалийг дээдэлсэн, дэлхийн чиг хандлага, эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх мэргэжилтэй, бие даан амьдрах чадвартай хүн хүчин бэлтгэхэд оршино.

Зорилго:

  • Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээ хэмээх гурван үндсэн үйлийг уялдуулан ажиллах
  • Эрүүл мэнд, биеийн тамир, спорт гэсэн гурван тулгууртай байх
  • Тааламжтай орчинд багш, шавийг хослуулан хөгжүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Стратеги зорилтууд:

  • Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох
  • Эрдэм судлалын ажлыг эрүүл мэнд, биеийн тамир спортын тулгамдсан асуудлуудтай уялдуулан хөгжүүлэх
  • Хөдөлгөөнөөр болон сэтгэл заслаар эрүүл мэндийг хамгаалах, хөгжүүлэх, бататгах үйлчилгээ үзүүлэх
  • Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээний тааламжтай орчин, материаллаг баазыг бэхжүүлэх
  • Багш нарын тоо, чанар, мэргэжлийн төвшинг нэмэгдүүлэн, эрдэмжүүлэх
  • Элсэгчид, суралцагчид, төгсөгчдийн тоо, чанарыг нэмэгдүүлж, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэнг шаталсан сургалтаар бэлтгэх
  • Зарим спортын төрлөөр улс, тив, дэлхийд алдартай тамирчин төрүүлэх

Өнөөдөр тус сургууль 25 багш, 14 ажилтан, 690 гаруй оюутан, 200 шахам сурагчидтай сургалт явуулж, бүрэн дунд, бакалавр, магистрын гэсэн гурван шатны түвшинд боловсрол олгож байна.

2000 оноос Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10-н жилийн I дунд сургууль дээр жүдо бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай салбар анги нээж, 2003 оноос МҮОХ-той хамтран өсвөр насны хүүхдийн авъяасыг нээн илрүүлж, тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор 60 гаруй хүүхдийг сонгон шалгаруулж, жүдо, чөлөөт бөхөөр гүнзгийрүүлэн хичээллүүлж байна. 2005 оноос Хэнтий аймгийн “Оргил” ахлах дунд сургууль, 2007 оноос Өвөрхангай аймгийн Уянга сумын дунд сургууль, 2008 оноос Булган аймгийн спортын дунд сургуультай хамтран ажиллаж байна.

Манай сургууль өөрийн орны МҮОХ, БТСУХороо, МУБИС, ЭМШУИС, “Монос” дээд сургууль, “Ажнай” корпораци, “ ТБД ба Андууд” групп, “Витафит” ХХК, зэрэг 20 шахам аж ахуйн нэгж байгууллагатай, гадаадын Япон улсын “Гифу Дайчи” сургууль, БНСУ-ын “Ён Ин Гин” Их Сургууль, Юнг Инийн их сургууль, Тайваны Биеийн Тамирын Үндэсний Их Сургууль, Тайланд улсын биеийн тамирын сургууль, Лаос улсын биеийн тамирын сургууль, Хөх хотын Биеийн Тамирын Дээд Сургууль, Эрхүү хотын багшийн их сургуулиудтай хамтран ажиллаж байна.