Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ
Бидний хэдэн нөхөд хүсэл зорилгоо нэгтгэн бөхийн “Аварга” коллеж хэмээх сургуулийг байгуулах санаачилга гарган, улмаар БСШУЯ-ны сайдын 182 тоот тушаалаар 1998 оны 8 дугаар сарын 11-нд сургуулиа байгуулан 1999-2000 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч сургалтаа явуулснаар түүхийн хуудсаа нээсэн билээ. Коллеж маань 2009 онд “АВАРГА” Дээд Сургууль болж, өдгөө гурван удаа магадлан итгэмжлэгдсэн, аттестатчилагдсан, Монгол Улсын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо барилдааны анхны дэлхийн аваргууд Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, шатарын Олон улсын их мастер А.Энхтуул зэрэг алдартан анхдагчдыг төрүүлсэн, гадаад дотоодын 20 гаруй байгууллага хамт олонтой хамтын ажиллагааны харилцаа тогтоосон, олон зуун залуусыг биеийн тамир, олон нийтийн спортоор байнга хичээллэн амьдралын хэвшилтэй болгосон сургууль болон хөгжиж 22 жилийнхээ ойтой золгож байна.
Бид 2004 онд “Аварга” бүрэн дунд сургууль байгуулснаар бүрэн дунд боловсролыг дунд сургуулиар, бакалаврын болон магистрын боловсролыг дээд сургуулиараа тус тус олгож өөр хоорондоо уялдаа бүхий гурван шатлалтай сургалт явуулан эх орондоо 2000 гаруй дээд боловсролтой, магистр, эрдэмтэд бэлтгэсний ихэнх нь ажлын байртай эх орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж байна. Төгсөгчид маань манай сургуульд сурснаар дээд боловсролыг эзэмшин бие бялдраа хөгжүүлэхээс гадна сэтгэл санаагаа цэгцлэх, тэсвэр хатуужил суух, саад бэрхшээлийг даван туулах чадвартай болох, хувийн болон гэр бүлийн амьдрал ахуйгаа төлөвлөх, цаашдын ирээдүйгээ өөдрөг гэгээлгээр харах зэрэг нэмэлт чадамжийг эзэмшдэг гэдэгт би итгэлтэй байна.
Цаашид манай сургууль нь зөвхөн биеийн тамир, спортын мэргэжилтэн төдийгүй олон улсын төвшинд болон эх орныхоо өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүн” Монголын баялаг, Монголын бахархал уриатайгаар хөрвөх чадвартай, цогц чадамтай хүн хүчин бэлтгэхээр “Үр дүнд суурилсан боловсролын гурван тулгуурт хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Бидний ажлыг дэмжиж, тусалж байдаг байгууллага, хамтын ажиллагаатай түнш, тус сургуулиар овоглож хамтран зүтгэж яваа үе үеийн багш, ажилтан, төгсөгчид, оюутан шавь, манай сургуулийг сонгон сурах сонирхож буй залуус нартаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.